Захирлын мэндчилгээ
Алдартан, анхдагчдын өлгий нутаг Булган аймагт нийтийн аж ахуйн салбар үүсэн хөгжсөн 62 жилийн түүхэн ойн мэндийг та бүхэндээ дэвшүүлье.
Аймаг, орон нутгийн хөгжил өдөр тутам хурдасч, иргэд дэд бүтэц нь шийдэгдсэн, ая тухтай цогц орчинд амьдрахыг эрхэмлэдэг боллоо. Булган аймаг ч хөгжлийн энэ үеэс хоцрохгүйгээр барилгын бүтээн байгуулалт, усан хангамж, газар доорх инженерийн шугам сүлжээг хөгжүүлж ирлээ. Ингэхдээ аль болох шинэ технологи, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ажилдаа нэвтрүүлж, аймгийн цэвэр бохир ус, хий дулаан хангамжийн хүчин чадлыг сайжруулах, иргэдийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг тасралтгүй хангах, нөөцийг баталгаатай болгох, шинэ суурьшлын бүсэд хүрээгээ тэлэх зэргээр хөгжүүлж байна. Үүнийг дагаад инженер, техникийн мэргэжилтнүүд маань ч туршлага хуримтлуулж, ур чадвараа үнэлүүлэх боллоо.
Мөн ахмад үеийнхээ нөр их туршлагыг ч шинэчлэлтэй хослуулан авч явж байна. Тэдний гуч дөчин жилийн ажлын туршлага бол үнэхээр даацтай, хүндрэл бэрхшээлтэй ажлын ард гарахад нөмөр түшиг, чиг баримжаа болдог юм.
Булган хотын баруунтайд дүнхийх Булган хангай хайрхан, зүүн өмнөтэйд сүмбэрлэх Мээж хайрхны сүр барааг харж өссөн хүүхэд насны ахуй амьдралаа би яахин мартах билээ. Төрөлх тоонот нутагтаа хөгжлийн шан татахаар зорьж ирсэн миний хувьд “Булган Мээж” компанийг бодлогын тухайд жишигт хүргэн, эдийн засгийн үр өгөөжтэй байлгаж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн найдвартай систем бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. Бид эрүүл орчинд амьдрах ёстой. Тиймээс байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж ажиллах нь ч бас нэгэн зорилт юмаа. Компанийнхаа өнгөрсөн он жилүүдэд хуримтлуулсан туршлага, ололт амжилтыг баяжуулж, инженерийн шугам сүлжээг өргөтгөн, олон мянган хүн төвлөрч амьдрахад ачаалал даахуйц том хот болоход нь хувь нэмрээ оруулахыг хүслээ.
Нийтийн аж ахуйн салбар бол хүний амин чухал хэрэгцээг хангаж, байнгын тасралтгүй ажиллагаатай байхыг шаарддаг онцлогтой. Ингээд ус алдахад түргэн шиг дуудагддаг, засвар үйлчилгээг найдвартай хийдэг, болд төмрийг уясгаж гагнадаг инженер, мэргэжилтэн, алба хаагчид, ахмад үеийнхэндээ, манай үйлчилгээг дэмждэг хэрэглэгчдэдээ тэмдэглэлт ойн мэндийг дахин хүргэж, амьдрал тань гэрэлтэж явахыг бэлгэдэн ерөөе. “Булган Мээж” компанийн үйл ажиллагаа бүтээн байгуулалтаар тасралтгүй үргэлжилж, жарнаас жаран дамжин хөгжиж дэлгэрэх болтугай.
“Булган Мээж” Орон нутгийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал Г.ГАНБААТАР
.
