Төлөөлөн удирдах зөвлөл
Компанийн бодлого, зохицуулалтын шийдвэрийг хамтын удирдлагын үндсэн дээр зохион байгуулдаг. Тэрхүү хамтын удирдлагын нэг бол Төлөөлөн удирдах зөвлөл билээ. Төлөөлөн удирдах зөвлөлийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2023 оны 04 сарын 24-ний өдрийн XV/08 тоот тогтоолоор компанийн дүрмийн дагуу аймгийн ЗДТГ-т ажилладаг удирдлага, ажил, мэргэжлийн чиг үүрэгтэй алба хаагчдын төлөөллийн хүмүүсийг хамруулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн томилсон. Тодруулбал, зөвлөлийн даргаар Аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, гишүүдээр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Д.Батцагаан, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Д.Уламбаяр, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Баасанжаргал, Биеийн тамир спортын газрын дарга Х.Батхишиг, иргэний төлөөлөл С.Цэрэндулам нар ажиллаж байна.
Компанийн удирдлага жил бүр ажлынхаа тайланг Төлөөлөн удирдах зөвлөлд мэдээлэн дүгнэлт хийлгэж хангалттай сайн үнэлгээ авч ирсний зэрэгцээ үйл ажиллагааны тулгамдсан болон эрх мэдлийн хүрээнээс гадуурх зарим асуудлыг тус зөвлөлийн хуралд танилцуулан хамтын шийдвэр гаргуулдаг.
Зөвлөл нь улиралд нэг удаа хуралдаж шаардлага гарсан тохиолдолд ээлжит бус хурал хийдэг.
Мөн компанийн хэтийн болон ойрын зорилт, цаг үеийн асуудал, улирал, хагас, бүтэн жилийн ажлаа дүгнэж үнэлгээ дүгнэлт өгөх зэрэг асуудлыг хамтын бодлогоор зохицуулахын тулд захирлын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг. Захирлын зөвлөл дулаан хангамж түгээлтийн болон ус хангамж ариутгах татуургын албаны дарга, ерөнхий санхүүч, хуулийн зөвлөх, хүний нөөцийн менежер, ХАБЭА-н инженер, эдийн засагч гэсэн 7 гишүүний бүрэлдэхүүнтэй. Тус зөвлөл нь үйл ажиллагааныхаа журмын хүрээнд гүйцэтгэх захирлыг шаардлагатай мэдээллээр хангаж, шийдвэр гаргахад зөвлөдөг.
Зөвлөлийнхөн журам болон жилийн ажлын төлөвлөгөөний дагуу долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, жил, улирлын төлөвлөгөөг баримтлан бэлтгэсний үндсэн дээр тодорхой асуудлууд, мөн цаг үеийн шаардлагатай мэдээлэл, сонсгол, танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэдэг. Заримдаа тухайн чиглэлийн ажил үйлчилгээ хариуцсан мэргэжилтнийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулдаг.
Мөн байгууллагын дэргэдэх ҮЭ-ийн холбооноос хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын байр, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар тавьсан саналыг хэлэлцэн дүгнэлт гаргахын зэрэгээ шаардлагатай бөгөөд хэрэгжүүлэх боломжтой саналыг дэмжин шийдвэрлэдэг.
Захирлын зөвлөл болон компанийн захиргаанаас анхаарал тавьдаг асуудлын нэг санхүү, эдийн засгийн төлөв байдалд дүгнэлт хийж зохих арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаагаар байгууллагынхаа ажил, үйлчилгээний санхүүжилтийг тухай бүрд зохицуулах, орлого бүрдүүлэх, анхан шатны бүртгэлийг бүрэн гүйцэд, үнэн зөв хөтлөх, албан хаагчдын цалин хөлсийг тооцон олгох зэрэг ажлын зэрэгцээ хууль тогтоомж, заавар журмыг хэрэгжүүлж татвар, шимтгэлийг тогтоосон хэмжээгээр цаг хугацаанд нь оруулахыг эрхэмлэн нийгмийн хариуцлагаа ханган ажилладаг. Түүний дүнд зарим ажлаар бусад байгууллагад үлгэр дуурайл болж байна хэмээн салбарын бодлого хэрэгжүүлдэг байгууллага үнэлдэг. Үндэсний татварын Ерөнхий газраас 2002 онд “Найдартай татвар төлөгч байгууллага”-ын гэрчилгээ олгосон бөгөөд тэр үнэлгээг одоо ч амжилттай хэрэгжүүлж буй билээ. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах ХХТАО болон шимтгэлийг үнэн зөв тодорхойлон хугацаанд нь төлж, даатгалын сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг журмын дагуу бусдад сургамж болохуйцаар хөтөлдөг хэмээн өнөө жил өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанд орон нутгийн өмчийн газраас асуудал боловсруулан оруулсны дагуу 2011-2015 онд 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хөрөнгө оруулалтаар хийгээд өмч бүртгэлд тусгаагүй байсан бүтээн байгуулалтын хөрөнгийг хэлэлцээд “Булган Мээж”-ийн өмчид бүртгэх тогтоол гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлж хоёрдугаар цэцэрлэгээс дөрөвдүгээр цэцэрлэг хүртэлх 26 худаг бүхий ариутгах татуургын гол шугамын угсралтын ажил, VI багийн 320 айлын гаднах инженерийн шугам сүлжээний ариутгах татуурга, цэвэр болон хэрэглээний халуун усны шугам, халаалтын гуравдугаар зуухнаас II багийн А, Б хэсэг хүртэлх дулаан, цэвэр ба халуун усны шугам сүлжээ зэрэг 10 чиглэлийн байгууламжийг бүртгэлд авах арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр байгууллагын үндсэн хөрөнгө нэлээд нэмэгдсэн юм.
Компанийн захиргаанаас жил бүр байгууллагынхаа хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулж шагналыг хүндэтгэлтэй гардуулдаг ёс дэгтэй. Төр захиргаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, салбарын оны шилдэг ажилтан шалгаруулалтад тэргүүний хүмүүсийн тодорхойлолтыг журмын дагуу бэлтгэн аймгийн ЗДТГ-т хүргүүлж шийдвэрлүүлдэг.
