Ус хангамжийн хэсэг
Ус хангамжийн хэсэг нь Төв ус хангамжийн станц, Тээврийн цэвэр ус, Шугам хоолойн цэвэр ус гэсэн бүтэцтэй ажиллаж байна.
Ус хангамжийн хэсгийн бүрэлдэхүүнд: Ус хангамж ариутгах татуургын хэсгийн ахлах инженер Б.Мягмарсүрэн, Цэвэр усны шугамын засварчин Б.Батдаваа, Бохир усны шугамын засварчин Ш.Борхүү, Бохир усны шугамын засварчин А.Болд, Төв ус хангамжийн цэвэр усны оператор Д.Отгонбаяр, Туслах ажилтан П.Ганчимэг, Туслах ажилтан Д.Наранцэцэг, Цэвэр усны жолооч Б.Ганбаатар, Бохир усны машины жолооч Н.Өнөрбат гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.
Булган сумын инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон төсөвт 44, ААНБ-164, 37 орон сууцны 736 айл өрх, задгай айл 88, гэр хорооллын 8000 гаруй айл өрхүүдийг цэвэр усаар ханган ажиллаж байна.Гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх 4, зөөврийн 11, гүний 2 байраар чанар стандартын дагуу хэрэглэгчдэдээ үйлчилж байна.
Цэвэр усны үзлэг, хяналтын худаг 260 ш, 11,2 км шугам сүлжээ, Бохир усны үзлэг, хяналтын худаг 365ш, 13,2 км төв шугам сүлжээний хэвийн ажиллагааг ханган 24 цагийн турш найдвартай үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.
Хужир толгойн ус хангамжийн байгууламжийн эх үүсвэрийн усны дээжид химийн шинжилгээг жилд нэг удаа, нян судлалын шинжилгээг гүний хоёр худаг, эх үүсвэр, төвийн шугаманд холбогдсон шугамаар ус түгээдэг 2,4,6,15 дугаарын буюу 4 байрны ус нөөцлөх саванд жилд 2, зөөврийн усаар үйлчлэх 1,3,5,7,8,9,10,11,12,13,14 дүгээр буюу 11 байрны саванд жилд 2 удаа, мөн ус зөөвөрлөх автомашинд жилд 4 удаа буюу 4,7,9,11 дүгээр сарын эхний 7 хоногийн эхний гурван өдөрт хийдэг.
Гүний өрмийн худаг, усан сан, ус цэвэрлэх хоолойн байгууламж, ус зөөвөрлөх автомашины усны дээжийг зохих стандартын дагуу, холбогдох ажилтнуудаар тухай бүр авахуулж, МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлж, химийн шинжилгээг жилд 1 удаа, нян судлалын шинжилгээг улиралд 1 удаа хийлгэдэг.
Ус хангамжийн эх үүсвэр: Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр МОН-1907 төслийн хүрээнд “Чин Ван Констракшн” компани Хужир толгойд барьж 2007 онд ашиглалтад оруулсан төв ус хангамжийн станц, даралтат шугам хоолой, Ачуут гол дахь 2 худаг, усан санг манай алба усан хангамжийн үйлчилгээнийхээ гол эх үүсгэвэр болгон ажилладаг. Энэ станцад ээлжийн 4 операторчин, гэрээт харуул хамгаалалтын “Цагаан шонхор” компанийн мөн 4 ээлжийн харуул хамгаалалт 24 цагаар хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг. Төв ус хангамжийн станц нь 1 хоногт 450-560м3 / зуны улиралд / 60-860м3 /өвлийн улиралд/ цэвэр ус олборлож түгээдэг.
Тээврийн цэвэр усны үйлчилгээ: Булган сумын гэр хорооллын 8000 гаруй иргэдийн ундны усыг 17 ус түгээх байр (төвлөрсөн шугамд холбогдсон 2-р ус түгээх байр)-аар цэвэр усны автомашинаар зөөвөрлөн гэр хорооллын иргэдэд түгээх үйл ажиллагаа явуулдаг.
Булган сумын гэр хорооллын ус түгээх байруудын өмнө ашиглаж байсан ус хадгалах сав нь зориулалтын бус төмөр материалтай тул зэврэлт, бохирдолт ихтэй, олон жил ашигласны улмаас цоорч, муудсан, цэвэрлэхэд хүндрэлтэй байсан. Иймд ус хадгалах савыг хоруу чанар багатай полиэтилен хүнсний зориулалтын HDPE төрлийн хуванцар бэлдэц материалаар хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, элдэв амт үнэр шингэхгүй зориулалтын саваар сольж ашиглаж байна. Энэ бол хүн амын нийгмийн эрүүл мэндийн төлөө хийсэн чухал ач холбогдолтой ажил юм.
Хуучин ус түгээх байруудын барилгын насжилт өндөр, зарим барилга нь чулуун хийцтэй, ус түгээх байрны стандартад нийцэхгүй байсан тул 2011 оноос эхлэн үе шатчилан байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж ус түгээх байруудын барилгад урсгал засвар хийсэн. Заримыг нь шинээр барьж ашиглалтад оруулсан.
2020-2021 онд гэр хорооллын ус түгээх байруудын усны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Баялаг говь” ХХК-ийн авто худаг-4.0 ухаалаг тоног төхөөрөмжөөр бүрэн автоматжуулснаар иргэд хөдөлмөрчид хүссэн газраасаа өдөр бүр 24 цагаар усаа авах боломжийг бүрдүүлсэн билээ.
Мөн албан байгууллага, орон сууцны айл өрхийн усан хангамжид нэвтрүүлж эхэлсэн нэгэн чухал боломж бол 2021 оны дөрөвдүгээр улирлаас хэрэглээний халуун ус хүлээн авах нөхцөлийг бүрдүүлээд байна. Усан хангамжаар үйлчлүүлэгч иргэдийн олон жил хүсэн хүлээж хурал зөвлөгөөн болон удирдах байгууллагад санал тавьж байсан энэ ажлыг дулааны станц ашиглалтад орсны дараа дулаан дамжуулах төвүүдийг барьж нэгдсэн шугам сүлжээгээр дулаан болон ахуйн хэрэгцээний халуун ус дамжуулдаг болсонд хэрэглэгчид талархалтай буй билээ.

